Шведэд нийт 40 орчим магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулиуд байдаг бөгөөд эд бүгд өөрийн гэсэн сургалтын хөтөлбөрүүдтэй. Та эдгээр сургуулиудын тухай дэлгэрэнгүй мэдээллийг сайтуудаас нь авч болно. Ерөнхий мэдээллийг www.si.se болон www.studyinsweden.se сайтуудаас авч, эдгээрээс сургууль тус бүрийн мэдээллийг олж болно. Ер нь Шведэд бакалавр, магистр, доктор зэрэг аль ч түвшинд суралцах боломжтой. Та сургуулиудын сайттай танилцаж, ямар сургууль нь ямар шаардлага тавьж буйг сайтар судлаад тухайн сургуульдаа хандан материалаа илгээх хэрэгтэй болно. Хэрэв та тухайн сургуулийнхаа тавьж буй шаардлагыг хангах юм бол Шведэд үнэ төлбөргүйгээр сурч болно гэсэн үг. Сургуулиудынх нь нийтлэг тавьдаг шаардлага нь ерөнхийдөө АНУ, Англи, Австралийн сургуулиудтай адил. Vүнд, бид өмнөх дугаарууддаа цувралаар хүргэж ирсэн эссе, англи хэлний шалгалтын оноо, өмнөх төгссөн сургуулийн диплом, тодорхойлолт захидлууд, CV гэх мэт байна. Мөн судалгааны ажлын чиглэл, төлөвлөгөө хэрэгтэй. Та эдгээрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг манай сэтгүүлийн 18-21-р дугааруудаас уншаарай. Мөн Шведэд суралцах хугацааны зардлаа даах чадвараа харуулсан санхүүгийн баталгаа байх ёстой. 10 сарын туршид, сарын 6300 швед крон (1000 швед крон = 130 орчим ам.доллар) зарцуулах санхүүгийн чадвартай гэдгээ харуулна гэсэн үг. Хэрэв та англи хэлнээс гадна швед хэл мэддэг бол бүр сайн. Учир нь зарим сургуулийн зарим хөтөлбөрүүд нь швед хэлээр явагддаг. Харин швед хэл сурах хүсэлтэй бол сургуулийнхаа хэлний бэлтгэлд суралцаад үндсэн хичээлдээ орж болно.
Боловсролын тогтолцоо нь барууны орнуудынхтай адил буюу намрын, хаврын улирал гэж хоёр ангилагддаг. Намрын улирлын хичээл 9-р сарын 1-нд эхлэж, хаврынх нь 1-р сарын дундуур эхэлдэг. Суралцах өргөдөл, бусад материалаа хичээл эхлэхээс 6-8 сарын өмнө ихэвчлэн илгээсэн байх ёстой. Материал хүлээн авах эцсийн өдөр нь тухайн жил бүрт өөр байдаг ч ерөнхийдөө 6-8 сарын өмнө зарлагддаг. АМЬДРАЛ Та Шведэд 3 сараас дээш хугацаагаар оршин суух бол зөвшөөрөл авах хэрэгтэй болно. Vүний тулд та аль нэгэн их дээд сургуулийн үндсэн бөгөөд бүтэн цагаар суралцдаг оюутан байх ёстой. Сургуулиасаа урилгаа авсан бол та Шведэд хүрэлцэн ирэхээсээ нэг сарын өмнө гадаадын харьяат, цагаачлалын албанд оршин суух өргөдлөө өгч, зөвшөөрөл авах учиртай. Харин нэгэнт оюутан болвол та ямар нэгэн зөвшөөрөл авахгүйгээр ажил хийх эрхтэй болно. Энэ бол Шведэд сурахын бас нэгэн давуу тал юм.